Еврей 11:3-31

Еврей 11:3-31 АБ2013

Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог. Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна. Итгэлээр Енох, үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгачин нь Бурхан мөн. Итгэлээр Сара хүртэл, хэдийгээр нас бие хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм. Тиймд мөн ганцаас, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолшгүй үй олон нь төржээ. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ. Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. Энэ нь түүнд “Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно” хэмээн айлдсан хүү нь байлаа. Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм. Итгэлээр Исаак, ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ. Итгэлээр Иаков, нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм. Итгэлээр Иосеф, нас барж байхдаа Израилийн хөвгүүдийн гэтлэлийн тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ. Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй. Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм. Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан. Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ. Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.