Еврей 10:5-18
Еврей 10:5-18 АБ2013
Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн. Шатаалт ба нүглийн тахилыг Та эс таалав. Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн” гэв. Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр “Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд, цааш нь «Би цаашид тэдний нүглийг Тэдний ёс бус явдлыг эс санана»” гэжээ. Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог.