Еврей 10:19-39

Еврей 10:19-39 АБ2013

Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё. Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг. Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна. Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас Сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ. Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.

Еврей 10:19-39 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв