Еврей 10:10-31
Еврей 10:10-31 АБ2013
Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр “Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд, цааш нь «Би цаашид тэдний нүглийг Тэдний ёс бус явдлыг эс санана»” гэжээ. Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог. Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё. Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг.