Хабаккук 2
2
ЭЗЭНий хариу
1Би манааныхаа байранд зогсож,
Бэхлэлт дээр байрлан суух болно.
Тэрээр надад юу айлдахыг
Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг
Би харуулдан харсаар л байх болно.
2Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдруун
“Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл.
Уншсан нэг нь ухасхийг.
3Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм.
Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө.
Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн.
Хойшлолгүй заавал биелэгдэх болно.#Евр 10:37
4Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм.
Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна. #Ром 1:17; Гал 3:11; Евр 10:38
5Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй.
Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж,
Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй.
Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,
Бүх ард түмнийг өөртөө хураана.
Нүгэлтнүүд хөөрхий еэ!
6Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуун таавар гаргаад
«Өөрийн бус юмыг өсгөж,
Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ!
Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?
7Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,
Чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?
Үнэхээр чи тэдний олз нь болно.
8Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир
Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд
Бүгд чамайг тонох болно.
Энэ нь газар нутаг, сууринд
Оршин суугчдад нь үйлдсэн
Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
9Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,
Өндөрт үүрээ засахын тулд
Ёс бусын олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхий еэ!
10Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ
Чи гэртээ гутамшигт зүйлийг дуудаж,
Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.
11Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,
Модон байшингийн яс модод түүнд хариулах болно.
12Цус урсган хот босгож,
Ёс бусаар суурин байгуулагч нь хөөрхий еэ!
13Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн,
Үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж туйлдах нь
Үнэндээ түг түмдийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?
14Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил
Дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.#Иса 11:9
15Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,
Хөршөө согтоогч хүн хөөрхий еэ!
16Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно.
Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн.
ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж,
Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.
17Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн,
Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно.
Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь
Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
18Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно
Ашиг тус нь юу вэ?
Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн
Ашиг тус нь эсвэл юу вэ?
Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа
Гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.
19Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж,
Дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхий еэ!
Тэр чамд зааж чадна гэж үү?
Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн
Амьсгаа дотор нь байхгүй эд.
20Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг.
Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”
Одоогоор Сонгогдсон:
Хабаккук 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.