Эхлэл 9:1-29
Эхлэл 9:1-29 АБ2013
Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй! Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна. Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид. Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ. Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ. Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ. Бурхан, Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд — Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна. Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. Бурхан —Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл: Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үүл хуралдуулж, солонго тэр үүлэн дээр харагдах үед Би Миний болон та нарын, бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй. Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. Бурхан, Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв. Бүхээгнээс гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг билээ. Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ. Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. Эцгийнхээ нүцгэн байгааг Канааны эцэг Хам хараад гадагш гарч хоёр ахдаа хэлжээ. Шем, Иафет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байгааг нь харахгүйн тулд нүүр буруулав. Ноагийн согтуу нь гарч, бага хүү нь түүнд юу хийснийг мэдээд Канаан хараал идэж, ах нарынхаа боолын боол болог! гэжээ. Бас тэрээр Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай! Бурхан Иафетыг үлэмж өсгөж, Иафетыг Шемийн майханд амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ. Үер болсноос хойш Ноа гурван зуун тавин жил амьдраад есөн зуун тавин насандаа үхэв.