Эхлэл 8:1-22

Эхлэл 8:1-22 АБ2013

Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. Ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. Долдугаар сарын арван долооны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов. Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо. Дөч хоногийн дараа Ноа бүхээгт хийсэн цонхоо нээж, нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа. Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ. Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр бүхээгтээ буцаж ирэв. Ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ. Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа бүхээгнээс дахин гаргалаа. Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв. Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн дээр эргэж ирсэнгүй. Зургаан зуун нэгэн оны эхэн сард буюу нэгдүгээр сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг бүхээгнийхээ дээврийг сөхөн харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв. Бурхан, Ноад — Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар. Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ. ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Эхлэл 8:1-22-д зориулсан видео