Эхлэл 8
8
Үер татарсан нь
1Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. 2Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. 3Ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. 4Долдугаар сарын арван долооны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов. 5Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
6Дөч хоногийн дараа Ноа бүхээгт хийсэн цонхоо нээж, 7нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа. 8Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ. 9Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр бүхээгтээ буцаж ирэв. Ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ. 10Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа бүхээгнээс дахин гаргалаа. 11Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв. 12Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн дээр эргэж ирсэнгүй.
13Зургаан зуун нэгэн оны эхэн сард буюу нэгдүгээр сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг бүхээгнийхээ дээврийг сөхөн харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. 14Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв. 15Бурхан, Ноад
— 16Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар. 17Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв. 18Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. 19Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ.
ЭЗЭНий амлалт Ноад ирэв
20ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. 21Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа
—Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. 22Газар дэлхий байсан цагт
Тариа тарих ба ургац хураах,
Хүйтэн ба халуун,
Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.