Эхлэл 50:12-26
Эхлэл 50:12-26 АБ2013
Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв. Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутагт авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт арилжиж аваад оршуулгын газар болгосон байв. Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүний хамт Египетдээ буцаж иржээ. Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад —Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж —Эцэг чинь нас барахынхаа өмнө “Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав. Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн —Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв. Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил амьдрав. Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ. Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд, Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан —Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв. Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биед гүгэл хийгээд, түүнийг Египетэд авсанд хийжээ.