Эхлэл 50:1-11

Эхлэл 50:1-11 АБ2013

Иосеф эцгийнхээ толгой дээр унан түүний дээр уйлж, эцгийгээ үнсэв. Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв. Түүнийг бүтэн дөч хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ. Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь —Хэрэв би одоо та нарын нүдэнд тааллыг олсон бол та нар Фараонд сонордуулж өгнө үү? Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Харагтун, үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ нутаглуулаад эргэж ирэхийг минь болгооно уу? гэв. Фараон —Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ нутаглуул гэв. Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ахмадууд, Египетийн ахмадууд мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ. Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов. Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэв. Тэд тэнд чангаар уйлалдан гүнээ эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ. Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад —Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мицраим гэж нэрлэх болжээ.

Эхлэл 50:1-11-д зориулсан видео