Эхлэл 49:1-33

Эхлэл 49:1-33 АБ2013

Иаков хөвгүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье. Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо! Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм. Симеон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм. Сэтгэл зүрх минь тэдний чуулалд бүү оролцог. Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг. Уурынхаа эрхээр тэд хүн алжээ Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ. Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж Израилийн дунд тараана. Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно. Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ? Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно. Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана. Дарснаас болж нүд нь улайж Сүүнээс болж шүд нь цайх болно. Зебулун далайн эрэгт амьдран сууж Усан онгоцны зогсоолтой болж, Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжнө. Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг яс сайтай илжиг юм. Тэрээр амрах газраа сайн, тэр газраа таатай гэдгийг хараад Мөрөө доошлуулж ачаагаа үүрээд Албадлага дор зарцлагдана. Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд Ард олноо шүүх болно. Дан замын хажуугийн могой, Морины өсгийг хатгаж Унаж яваа эзнийг нь арагш унагадаг Замын хажуугийн хорт могой болно. ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг. Гад нь цэргээр довтлуулавч Тэднийг өсгий даран довтолно. Ашерын хоол хүнс тос дааж Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө. Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм. Иосеф нь үр жимс ихтэй мөчир. Булгийн дэргэдэх үржил шимтэй мөчир Тэр мөчир нь ханыг даван ургана. Мэргэн харваачид түүнийг хорсолтойёо харваад Нэхэн хөөсөн боловч Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно. Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой. Чиний эцгийн ерөөл бол Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж Мөнх уулсын хязгааргүй шиг Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ. Бениамин нь олзоо урж тасчих чоно. Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв. Эдгээр нь Израилийн арван хоёр овог болжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тусбүрд тохирох ерөөлийг хайрлажээ. Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь —Би өөрийн хүмүүс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй минь хамт оршуулаарай. Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн эсрэг талд, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм. Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм. Тэр талбай ба тэндхийн агуйг Хитийн хөвгүүдээс худалдаж авсан гэв. Иаков хөвгүүддээ захиасаа өгч дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өөрийн хүмүүс уруугаа оджээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна