Эхлэл 44:1-17

Эхлэл 44:1-17 АБ2013

Иосеф гэрийн даамалдаа —Тэдний даацынх нь хэрээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутных нь аманд хий! Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд тарианых нь мөнгөтэй хамт хий! гэж тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж, үүр гэгээрэхэд эрчүүдийг болон илжгийг нь явуулав. Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж —Яв, эрчүүдийн хойноос хөөн гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ? Энэ бол миний эзний уудаг мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь бус уу? Та нарын ингэж хандсан чинь мууг л үйлдсэн байна даа” гэж хэл хэмээжээ. Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв. Тэд —Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Ийм зүйл үйлдэх нь таны зарц нараас хол байг. Харагтун, бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахан хулгайлах билээ? Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэг. Бид ч бас эзнийхээ боол болог гэсэнд даамал —Тэгвэл та нарын үгээр болог. Хэнээс тэр юм олдоно, тэрээр миний зарц болж, та нар харин гэм зэмгүй болно гэв. Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжиж, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ. Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав. Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв. Иосеф тэдэнд —Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлгө тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв. Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв. Харин Иосеф —Ийм юм үйлдэх нь надаас хол байг! Гараас нь аяга олдсон тэр хүн л миний зарц болно. Та нар харин эцэгтээ амар тайван буцацгаа гэв.

Video for Эхлэл 44:1-17