Эхлэл 43

43
Ах нар нь Бениаминыг авчрав
1Тэр нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ. 2Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд
—Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд 3Иуда, эцэгтээ
—Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ. 4Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал бид явж танд хүнс худалдаж авъя. 5Хэрэв та түүнийг явуулахгүй бол бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв. 6Тэгтэл Израиль
—Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд 7тэд
—Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний амыг дагаж хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” хэмээн хэлэх юм гэж бид яахан мэдэх билээ? гэв. 8Иуда, эцэг Израильдаа
—Энэ хүүг надтай хамт явуулаач, бид хөдөлье, явъя. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм үхэхгүй амьд үлдэх болно. 9Би түүнийг бүрэн хариуцна. Та миний гараас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчирч өмнө тань тавихгүй бол би таны өмнө бүх өдрүүдэд нүгэлтэн болно. 10Хэрэв бид хойшлуулаагүй бол одоо аль хэдийнэ хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.
11Эцэг Израиль нь тэдэнд
—Хэрэв тийм юм бол үүнийг хий. Нутгийн дээд зэргийн өгөөжнөөс савандаа хийгээд тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг. Үүнд хэсэг үнэрт давирхай, хэсэг зөгийн бал, гүгэл, анхилуун үнэрт тос, шударгалигийн самар, буйлс тэргүүтэн байг. 12Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй. 13Тэгээд дүүгээ аваад яв, тэр хүн дээрээ эргэж оч! 14Төгс Хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлаж, тэр та нарт нөгөө ахыг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай! За, би хүүхдүүдээ алдах ёстой юм бол алдаг! гэв. 15Тэгээд тэд тэдгээр бэлэг сэлт, хоёр дахин их мөнгө мөн Бениаминыг авч Египет явах замдаа гарав. Тийнхүү тэд Иосефын өмнө хүрэлцэн ирлээ.
16Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад гэрийн даамалдаа
—Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үд дээр надтай хамт хооллоно гэсэнд 17даамал Иосефын хэлснийг ёсоор болгож тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав. 18Тэгтэл эрчүүд Иосефын гэрт хүргэгдсэндээ айцгаан
—Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж хүчээр баривчлан, илжигтэй маань хамт биднийг боол болгох нь гэж хэлэв. 19Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн үүдний дэргэд түүнд ийнхүү өгүүлэв.
20Эзэн минь! Бид өмнө нь үнэндээ хүнс худалдаж авахаар л энд ирсэн билээ. 21Тэгээд буудаллах газраа хүрч очоод уутныхаа амыг нээсэнд, харагтун, уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Бид түүнийг өөрсдийн гараар буцааж авчирлаа. 22Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсарт мөнгийг маань хэн хийснийг бид мэдэхгүй гэв. 23Тэрээр
—Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд эрдэнэс хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд Симеоныг тэдэнд гаргаж өгөв. 24Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж бас илжгэнд нь тэжээл өгчээ. 25Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.
26Иосефыг гэртээ орж ирэхэд тэд гартаа байсан бэлгээ гэрт оруулж, түүнд өргөн бариад түүний өмнө газар сөгдөн мөргөв. 27Иосеф тэдний амар мэндийг асуун
—Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд 28тэд
—Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, доор бөхийн мөргөцгөөжээ. 29Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү, Бениамин дүүгээ хараад
—Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд
—Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв. 30Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд уяраад, уйлах газар хайж яаран гарав. Тэгээд тэрээр өрөөндөө орж тэнд уйлав. 31Дараа нь тэр нүүрээ угааж, гарч ирээд сэтгэлээ барин
—Хоолоо авчирч тавь гэв. 32Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирч өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ. 33Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоос нь аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биенээ гайхан харцгаав. 34Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, согтоцгоов.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 43: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна