Эхлэл 40:9-23

Эхлэл 40:9-23 АБ2013

Тэгээд ахлах сөнч зүүдээ Иосефт ярьсан нь —Миний зүүдэнд, харагтун, өмнө минь усан үзмийн мод байв. Тэр мод гурван мөчиртэй бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэм боловсорчээ. Тэгээд миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзэм авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв. Иосеф түүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм. Фараон гурван өдрийн дотор тэргүүнийг тань өргөж, хуучин албанд тань дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан ёсоор Фараоны аягыг дахин гарт нь өгөх болно. Бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гарган Фараонд миний тухай дурдаж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү? Үнэнээ хэлэхэд, би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй гэжээ. Түүнийг сайнаар тайлахыг ахлах талхчин хараад, Иосефт —Би бас зүүдэндээ үзсэн нь, харагтун, миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв. Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн жигнэсэн бүтээгдэхүүн байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд Иосеф —Түүний тайлал гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм. Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв. Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх зарц нартаа зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарц нарынхаа дунд дээш өргүүлэв. Тэгээд тэр ахлах сөнчийг сөнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ. Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ. Харин ахлах сөнч Иосефыг эргэж саналгүй түүнийг мартав.

Эхлэл 40:9-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв