Эхлэл 40
40
Хоёр хоригдлын зүүд
1Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ. 2Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж, 3тэднийг хамгаалагчдын захирагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв. 4Хамгаалагчдын захирагч Иосефыг тэдэн дээр нэмж оруулсанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд хэсэг хугацаанд хорионд байв. 5Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин өөр өөр байлаа. 6Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, үзэгтүн, тэд их гунигтай байв. 7Иосеф эзнийхээ байшинд өөртэй нь хамт хорионд байгаа Фараоны хоёр албатаас
—Өнөөдөр та хоёрын царай яагаад ийм дүнсгэр муу харагдана вэ? гэж асуусанд 8тэд
—Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд
—Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.
9Тэгээд ахлах сөнч зүүдээ Иосефт ярьсан нь
—Миний зүүдэнд, харагтун, өмнө минь усан үзмийн мод байв. 10Тэр мод гурван мөчиртэй бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэм боловсорчээ. 11Тэгээд миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзэм авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв. 12Иосеф түүнд
—Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм. 13Фараон гурван өдрийн дотор тэргүүнийг тань өргөж, хуучин албанд тань дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан ёсоор Фараоны аягыг дахин гарт нь өгөх болно. 14Бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гарган Фараонд миний тухай дурдаж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү? 15Үнэнээ хэлэхэд, би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй гэжээ.
16Түүнийг сайнаар тайлахыг ахлах талхчин хараад, Иосефт
—Би бас зүүдэндээ үзсэн нь, харагтун, миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв. 17Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн жигнэсэн бүтээгдэхүүн байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд 18Иосеф
—Түүний тайлал гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм. 19Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.
20Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх зарц нартаа зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарц нарынхаа дунд дээш өргүүлэв. 21Тэгээд тэр ахлах сөнчийг сөнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ. 22Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ. 23Харин ахлах сөнч Иосефыг эргэж саналгүй түүнийг мартав.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 40: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.