Эхлэл 4:1-26
Эхлэл 4:1-26 АБ2013
Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. ЭЗЭН, Каинд —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав. ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна. Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч, чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлч болно гэв. Каин, ЭЗЭНд хандаж —Миний шийтгэл хэрээс минь хэтэрсэн хүнд ажээ. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. ЭЗЭН түүнд —Иймд чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахааргүй болгов. Каин ЭЗЭНий оршихуйгаас гарч, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ. Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслэн Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэлээ. Енох Ирадыг төрүүлж, Ирад Мехуиаелыг төрүүлж, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ. Ламех хоёр эхнэр авав. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла. Адагийн төрүүлсэн Иабал нь майханд суугч, мал сүрэгтний дээд өвөг болов. Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов. Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг. Ламех эхнэрүүддээ хандан Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа. Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа. Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин их байх болно гэв. Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв. —Каины алсан Абелын оронд Бурхан надад өөр нэг үр хайрлалаа гэв. Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.