Эхлэл 38:13-30
Эхлэл 38:13-30 АБ2013
“Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг Тамар сонсоод бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороон нүүрээ бүтээгээд Тимна орох замд байдаг Енаимын үүдэнд суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой. Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ. Тэрээр замын хажууд түүн дээр очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир —Намайг өөр дээрээ оруул гэжээ. Нөгөөх нь —Та над юу өгч над дээр орох юм бэ? гэж асуусанд тэрээр —Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд өнөөх нь —Та түүнийгээ өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ. Иуда —Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд өнөөх нь —Өөрийнхөө тамга түүний оосор бас гарт байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд түүн дээр орсонд Тамар Иудагаас жирэмсэлжээ. Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв. Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй. Тэгээд тэрээр тэндхийн хүнээс —Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? гэж асуусанд тэд —Энд янхан байгаагүй гэжээ. Тэгээд тэрээр Иуда дээр эргэж ирээд —Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд Иуда —Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Харагтун, би түүнд энэ ишгийг явуулсан боловч чи түүнийг олсонгүй гэв. Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад —Танай бэр Тамар завхайрч, харагтун, завхайрлаасаа болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда —Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв. Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, “Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон” гээд цааш нь энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ гэдгийг нягталж болгооно уу? гэжээ. Иуда тэдгээр зүйлийг таниад —Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлэв. Тэгээд тэр түүнтэй дахин ойртсонгүй. Түүнийг төрөх болоход, харагтун, хэвлийд нь хоёр ихэр байжээ. Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь авч, улаан утас гарт нь уяж —Энэ нь эхэлж гарлаа гэв. Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, харагтун, дүү нь гарч иржээ. Эх баригч —Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв. Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.