Эхлэл 38:1-10
Эхлэл 38:1-10 АБ2013
Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив. Иуда тэнд Шуа гэдэг канаан хүний охиныг олж хараад, түүнийг авч, түүн дээр оров. Мөнөөх нь жирэмсэлж хүү төрүүлэхэд Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ. Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв. Тэр бас дахин хүү төрүүлж хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа. Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд ёрын муу харагдсан тул ЭЗЭН түүнийг үхүүлжээ. Иуда, Онанд —Чи ахынхаа эхнэр дээр орж, хадам дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр удамтай болгож өг гэв. Тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг Онан мэдээд ахынхаа эхнэр дээр орох үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав. Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу харагдсан учир Тэр түүнийг бас үхүүлэв.