Эхлэл 37:18-36

Эхлэл 37:18-36 АБ2013

Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. Тэд —Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд — За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. Реубен үүнийг сонсоод Иосефыг тэдний гараас аврахаар —Цөмөөрөө түүнийг алахаа больё гэв. Реубен бас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ. Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд Иосефын өмсөж байсан ханцуйтай урт дээлийг нь хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон, дотроо усгүй байлаа. Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. Иуда ах дүү нартаа —Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, мах цусны маань тасархай гэсэнд ах дүү нар нь сонсоцгоов. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ. Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан дүү нартаа эргэж ирээд —Тэр хөвгүүн алга болжээ! Би одоо хаачих вэ? гэв. Тэд Иосефын дээлийг аваад, нэг эр ямаа алж, цусанд нь түүний дээлийг дүрэв. Дараа нь тэд тэр урт алаг эрээн дээлийг илгээж, эцэгтээ хүргээд —Бид үүнийг оллоо. Хүүгийн тань дээл энэ мөн эсэхийг хараарай! гэв. Тэгэхэд тэрээр дээлийг таниад —Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тасчуулсан нь гарцаагүй гээд Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ. Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны ордны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарт худалджээ.

Video for Эхлэл 37:18-36

Эхлэл 37:18-36 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв