Эхлэл 37:1-36

Эхлэл 37:1-36 АБ2013

Эцгийнхээ цагаачилж явсан Канаан нутагт Иаков амьдран суужээ. Иаковын уг угсаа ийм билээ. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар базаахгүй мэдээ авчирчээ. Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуйтай урт дээл хийж өгчээ. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ. Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. Иосеф тэдэнд ярихдаа —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд — Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ. Ах нар нь түүнд —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ. Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив. Тэрээр энэ зүүдээ эцэгтээ бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж —Чи хаашаа янзын зүүд зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн мөргөх гэж үү? гэв. Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав. Ах нар нь Шехемд очиж эцгийнхээ хонийг хариулахаар явахад Израиль, Иосефт —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Би энд байна гэжээ. Израиль түүнд —Одоо чи яваад ах нараа бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзэж надад эргэж хэл авчир гээд түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв. Харагтун, түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнийг олоод, түүнээс —Чи юу эрж яваа юм бэ? гэж асуусанд тэрээр —Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд тэр хүн —Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэв. Тэгээд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ. Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. Тэд —Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд — За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. Реубен үүнийг сонсоод Иосефыг тэдний гараас аврахаар —Цөмөөрөө түүнийг алахаа больё гэв. Реубен бас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ. Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд Иосефын өмсөж байсан ханцуйтай урт дээлийг нь хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон, дотроо усгүй байлаа. Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. Иуда ах дүү нартаа —Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, мах цусны маань тасархай гэсэнд ах дүү нар нь сонсоцгоов. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ. Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан дүү нартаа эргэж ирээд —Тэр хөвгүүн алга болжээ! Би одоо хаачих вэ? гэв. Тэд Иосефын дээлийг аваад, нэг эр ямаа алж, цусанд нь түүний дээлийг дүрэв. Дараа нь тэд тэр урт алаг эрээн дээлийг илгээж, эцэгтээ хүргээд —Бид үүнийг оллоо. Хүүгийн тань дээл энэ мөн эсэхийг хараарай! гэв. Тэгэхэд тэрээр дээлийг таниад —Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тасчуулсан нь гарцаагүй гээд Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ. Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны ордны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарт худалджээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна