Эхлэл 34

34
Динаг хүчирхийлсэн нь
1Иаковт Леагийн төрүүлж өгсөн Дина охин тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ. 2Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав. 3Иаковын охин Динад тэр үнэн голоосоо татагдаж, тэр охиныг хайрлан,#34:3 эсвэл түүнийг аргадан энхрий үгээр түүнтэй ярив.
4Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.
5Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч хүүхдүүд нь хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байлаа. 6Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ. 7Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Иаковын охиныг Шехем хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.
8Хамор тэдэнтэй ярилцан
—Миний хүү Шехем танай охинд үнэн голоосоо татагдсан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч. 9Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа. 10Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв. 11Шехем, Динагийн эцэг болон ах нарт нь хандаж
—Та нарын нүдэнд би таалал олох болтугай. Та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье. 12Охиныхоо инж болон бэлгийг хичнээн их хэлсэн ч та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.
13Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ. 14Иаковын хөвгүүд тэдэнд
—Бид ингэж болохгүй. Тээрхийн арьстайгаа байгаа хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно. 15Харин ийм нэг болзлыг хангавал бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай эрчүүд бүгд хозлуулж, бидэнтэй адил болбол 16бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно. 17Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хозлуулахгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.
18Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ. 19Тэр залуу Иаковын охинд дурласан бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь учир үүнийг биелүүлэхийг хойшлуулсангүй. 20Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан
21Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч бас тэдэнд охидоо өгцгөөе. 22Манайхны бүх эрчүүд тэдний хозлуулдаг шиг хозлуулсан нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө. 23Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв. 24Хотын хаалганд гарч ирсэн бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хотын хаалгаар гарч ирсэн бүх эрс хозлуулжээ.
Динагийн ах нар өшөө авав
25Гурван өдрийн дараа тэднийг хөндүүрлэн байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон Леви хоёр сэлмээ авцгааж, ажиг сэжиггүй байгаа хотыг довтлон хамаг эрчүүдийг нь алжээ. 26Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов. 27Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ. 28Тэдний хонь, үхэр, илжиг бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь тэд булаан авав. 29Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ. 30Иаков, Симеон Леви хоёрт
—Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв. 31Харин тэд
—Тэрээр охин дүүд минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 34-д зориулсан видео