Эхлэл 31:22-42

Эхлэл 31:22-42 АБ2013

Иаковын зугтсаныг түүнээс хойш гурав хоногийн дараа Лабан дуулаад, ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ. Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ. Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан, ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов. Лабан, Иаковт —Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яваад яаж байгаа чинь энэ вэ? Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан. Чи миний зээ нар, охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ. Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн. Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир одоо чиний явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв. Иаков, Лабанд —Таныг охидоо надаас булаан авч магадгүй гэж бодсон учир би айсан юм. Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байв. Лабан, Иаковын майхан, Леагийн майхан бас хоёр шивэгчний майханд орсон боловч юм олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ. Рахел тэрхүү гэрийн шүтээнүүдийг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй. Рахел, эцэгтээ —Эзэн минь, би бүсгүй шалтагтай тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй. Иаков уурлаж, Лабантай маргалдав. Иаков, Лабанд —Би ямар гэмт үйлдэл хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ? Та хамаг юмыг минь нэгжээд гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг. Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн ирэгнээс би идээгүй. Сэгчүүлж тасчуулсныг нь танд авчралгүй би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан. Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүд цавчилгүй тийнхүү өнгөрөөж байсан билээ. Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн. Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл, зовлон зүдүүрийг үзээд өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна