Эхлэл 31

31
Иаков Лабанаас зугтсан нь
1Лабаны хөвгүүд
—Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж ярихыг Иаков сонсов. 2Иаков Лабаны царайг хараад тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав. 3ЭЗЭН, Иаковт
—Чи эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт гэлээ. 4Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудаж ирүүлээд 5тэдэнд хэлэхдээ
—Эцэг чинь надад өчигдөр уржигдарынх шигээ ч байхаа больсныг би царайнаас нь харж байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан. 6Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ. 7Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй. 8Тэрээр “Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр “Алаг зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг нь алаг зүсмийн төл гаргасан. 9Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.
10Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүд өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон алаг, цоохор, тарлан зүстэй байлаа. 11Бурханы тэнгэрэлч зүүдэнд минь
—Иаков! хэмээсэнд
—Би энд байна гэж би хариулсан.
12Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон алаг, цоохор, тарлан зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан. 13Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад ам өчиг өгсөн билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутагтаа буц! гэлээ.#Эх 28:18–22 14Рахел Леа хоёр түүнд
—Эцгийн гэрээс бидэнд ногдох ямар нэгэн өмч эсвэл хувь бий гэж үү? 15Тэр биднийг харийнхан гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн. 16Эцгээс маань Бурханы авсан бүх хөрөнгө биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир танд Бурханы хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.
17Иаков босож, эхнэр хүүхдээ тэмээ унуулж, 18өөрийн олсон бүх мал сүрэг хөрөнгөө буюу Паддан-Арамаас олсон бүх мал сүргээ туугаад Канаан нутагтаа, эцэг Исаакдаа очихоор хөдлөв.
19Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ. 20Иаков оргон зугтахаа арам хүн Лабанд хэлэлгүй, түүнийг мэхэлжээ. 21Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтаж, Гилеадын уулархаг нутгийг зорив.
Иаковыг мөшгөв
22Иаковын зугтсаныг түүнээс хойш гурав хоногийн дараа Лабан дуулаад, 23ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ. 24Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд
—Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
25Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан, ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов. 26Лабан, Иаковт
—Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яваад яаж байгаа чинь энэ вэ? 27Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан. 28Чи миний зээ нар, охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ. 29Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн. 30Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир одоо чиний явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв. 31Иаков, Лабанд
—Таныг охидоо надаас булаан авч магадгүй гэж бодсон учир би айсан юм. 32Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байв.
33Лабан, Иаковын майхан, Леагийн майхан бас хоёр шивэгчний майханд орсон боловч юм олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ. 34Рахел тэрхүү гэрийн шүтээнүүдийг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй. 35Рахел, эцэгтээ
—Эзэн минь, би бүсгүй шалтагтай тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй.
36Иаков уурлаж, Лабантай маргалдав. Иаков, Лабанд
—Би ямар гэмт үйлдэл хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ? 37Та хамаг юмыг минь нэгжээд гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг. 38Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн ирэгнээс би идээгүй. 39Сэгчүүлж тасчуулсныг нь танд авчралгүй би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан. 40Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүд цавчилгүй тийнхүү өнгөрөөж байсан билээ. 41Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн. 42Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл, зовлон зүдүүрийг үзээд өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.
Лабан Иаков хоёрын гэрээ
43Лабан, Иаковт
—Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ? 44Одоо нааш ир! Хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр нь чи бид хоёрын хооронд гэрч болог гэв. 45Иаков нэг чулуу аваад багана болгон босгожээ. 46Тэрээр ах дүү нартаа
—Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ. 47Лабан тэр овоогоо Иегар-сахадута#31:47 Иегар-сахадута: арамаар “бидэнд сануулах овоо” гэсэн утгатай. гэж нэрлэхэд Иаков ч бас түүнийг Галеед#31:47 Галеед: евр. мөн утгатай. гэж нэрлэжээ. 48Лабан
—Энэ овоо өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед гэж нэрлэдэг байжээ. 49Бас Мизпа ч#31:49 Мизпа: евр. “харуулдах газар” гэснээс гарсан. гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ. 50Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцаж эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун, Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
51Лабан дахин Иаковт хандаж
—Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар. 52Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй. 53Абрахамын Бурхан, Нахорын Бурхан,#31:53 Абрахам бол Иаковын өвөг эцэг, Нахор бол Лабаны өвөг эцэг юм. тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав. 54Иаков бас уулан дээр тахил тахиад, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.
55Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна