Эхлэл 30:1-22

Эхлэл 30:1-22 АБ2013

Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад эгчдээ атаархаж, Иаковт —Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ. Иаков, Рахелд уурлан —Чамд умайн үрийг эс зөвшөөрсөн Бурханыг би орлох хэрэг үү? гэсэнд Рахел —Энд миний шивэгчин Билха байна. Түүн дээр ор! Тэр миний өвдөг дээр төрж, түүгээр би хүүхэдтэй болно гээд өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүн дээр оржээ. Билха жирэмсэлж Иаковт хүү төрүүлж өгөв. Рахел —Бурхан намайг зөвтгөж миний дууг сонсоод надад хүү хайрлалаа гээд түүнийг Дан гэж нэрлэжээ. Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв. Рахел —Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэдэг нэр өгчээ. Леа хүүхэд төрүүлэхийг больсноо хараад, шивэгчин Зилпагаа авч Иаковт татвар эм болгон өгчээ. Леагийн шивэгчин Зилпа, Иаковт хүү төрүүлж өгөв. Леа —Ямар азтай вэ? гээд түүнийг Гад гэж нэрлэжээ. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ. Леа —Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ. Буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас хүндэс олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад —Хүүгийнхээ олсон хүндэснээс надад өгөөч? гэв. Леа түүнд —Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний хүндсийг авах нь уу? гэв. Рахел —Тэгвэл таны хүүгийн хүндэсний оронд өнөө шөнө миний нөхөр тантай унтаж болно гэв. Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд Леа түүнтэй уулзахаар гараад түүнд —Хүүгийнхээ хүндсээр би таныг зольж авсан учир өнөө шөнө над дээр орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ. Бурхан, Леаг сонссон учир Леа жирэмсэлж тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. Леа —Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ. Леа дахин жирэмсэлж зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. Леа —Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ. Дараа нь тэрээр охин төрүүлээд түүнийг Дина гэж нэрлэв. Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ.