Эхлэл 3:9-24

Эхлэл 3:9-24 АБ2013

Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв. Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд хүн —Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв. ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. ЭЗЭН Бурхан нөгөө могойд Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв. Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно. Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ. Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж. ЭЗЭН Бурхан, Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ. ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав. Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

Эхлэл 3:9-24-д зориулсан видео