Эхлэл 29:21-35

Эхлэл 29:21-35 АБ2013

Иаков Лабанд —Миний зарцлагдах хугацаа дууссан учир Би түүн дээр оръё. Эхнэрийг минь өгөгтүн! гэв. Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ. Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ. Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд —Хайр хүртээгүйг минь ЭЗЭН сонсоод надад энэ хүүг бас өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви гэжээ. Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.

Video for Эхлэл 29:21-35