Эхлэл 29:1-14

Эхлэл 29:1-14 АБ2013

Иаков босож яваад, дорнынхны нутагт хүрчээ. Түүний хартал, үзэгтүн, талд нэгэн худаг бас дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг аж. Худгийнхаа амыг чулуугаар дараад, бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж хонио услаад дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ. Иаков тэдэнд —Ах дүү нар минь, нутаг хаана вэ? гэж асуусанд тэд —Бид Хараных гэжээ. Иаков тэднээс —Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд —Бид танина гэв. Иаков тэдэнд —Тэр сайн уу? гэсэнд тэд —Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав. Иаков —Харагтун, өдөр яагаа ч үгүй байна. Мал сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэлээ. Тэд —Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулсны дараа бид хонио усалдаг тул одоо чадахгүй гэв. Иаковыг тэдэнтэй ярьж байхад Рахел эцгийнхээ хонийг тууж ирлээ. Тэрээр хоньчин байжээ. Иаков, нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулаад нагац ах Лабаныхаа хонин сүргийг услав. Тэгээд Иаков Рахелыг үнсээд чанга дуугаар уйлан, Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү болохоо мэдүүлтэл тэрээр гүйн очиж эцэгтээ мэдүүлэв. Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай мэдээг сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд гэртээ дагуулан оров. Иаков бүх зүйлээ Лабанд ярьжээ. Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний яс махны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.

Эхлэл 29:1-14-д зориулсан видео