Эхлэл 27:1-36

Эхлэл 27:1-36 АБ2013

Исаак хөгширч, нүд нь муудаад харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа —Хүү минь! гэж дуудсанд хүү нь —Би энд байна гэв. Исаак —Харагтун, би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна. Тиймээс чи зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, надад ан агнаж, миний дуртай амтат хоолыг хийн авчирч надад идүүлэгтүн. Тэгвэл би үхэхээсээ өмнө чамайг зүрх сэтгэлээсээ ерөөе гэв. Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан агнахаар хээр тал уруу одов. Ребека хүү Иаковтаа —Харагтун, ах Есавд чинь аавын чинь хэлсэн үгийг би сонслоо. “Надад ангийн мах авчирч, амттай хоол хийгтүн. Тэгвэл би идээд, үхэхээсээ өмнө чамайг ЭЗЭНий өмнө ерөөж өгье” гэсэн. Тиймээс хүү минь, одоо миний чамд тушаасныг болон хэлэхийг минь сонс! Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчир. Би түүгээр аавын чинь дуртай амтат хоолыг хийж өгье. Чи түүнийг аавдаа аваачиж идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв. Иаков эх Ребекадаа —Харагтун, миний ах Есав үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн. Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж харагдан, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв. Тэгэхэд эх нь түүнд —Хүү минь, чамд ирэх хараал чинь надад оноогдох болтугай. Чи зөвхөн миний хэлснийг дагаж, явж ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд тэр явж, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай амтат хоолыг хийжээ. Ребека ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг гэрээсээ авчирч, бага хүү Иаковтаа өмсгөж, ишигний арьсаар гар болон хүзүүнийх нь гөлгөр хэсгийг ороож, өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковынхаа гар дээр тавив. Иаков эцэг дээрээ очиж —Аав минь ээ! гэж дуудсанд аав нь —Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэв. Иаков, эцэгтээ —Би таны ууган хүү Есав байна. Таны надад хэлсэн ёсоор би хийлээ. Та өндийж суугаад ангийн махнаас минь зооглоно уу. Тэгээд сэтгэлээсээ намайг ерөөнө үү! гэсэнд Исаак, хүүдээ —Хүү минь, чи ангаа яаж ийм хурдан олоо вэ? гэсэнд тэр —Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг өмнө минь тавьсан юм гэв. Исаак, Иаковт —Хүү минь, надад ойрт! Би чамайг тэмтэрч үзээд миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь мэдье гэв. Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч үзээд —Дуу чинь Иаковын дуу атал гар чинь Есавын гар байна гээд түүний гар ах Есавынх шиг нь үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй. Тэгээд түүнийг ерөөж, Исаак —Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков —Би мөн гэв. Исаак —Надад түүнийгээ авчир! Би хүүгийнхээ ангийн махнаас идээд зүрх сэтгэлээсээ чамайг ерөөн адислая! гэхэд нь Иаков түүнд авчирч өгсөнд эцэг нь идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд тэрээр уужээ. Тэгээд эцэг Исаак нь —Хүү минь, надад ойртож ирээд намайг үнс гэхэд Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцасных нь үнэрийг үнэртээд, түүнийг ерөөн адислаж —Харагтун, хүүгийн минь үнэр ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна. Тэнгэрийн шүүдэр, Үржил шимт газар, Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай! Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв. Исаак Иаковыг ерөөн адислаж дуусмагц Иаков эцэг Исаакийнхаа өмнөөс босон гарч явлаа. Дөнгөж дараа нь түүний ах Есав ангаасаа буцаж ирээд, амтат хоол хийж түүнийгээ эцэгтээ аваачин —Эцэг минь ээ, өндийж суугаад хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү. Тэгээд сэтгэлээсээ намайг ерөөн адислагтун! гэж аавдаа хэлжээ. Эцэг Исаак нь —Чи хэн бэ? гэхэд тэрээр —Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ. Исаак ихэд цочирдон —Тэгвэл ан агнаад надад авчирч өгсөн тэр хүн хэн байсан бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөнө гэв. Есав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж, эцэгтээ —Эцэг минь, намайг ч бас ерөөн адислаач! гэж аавдаа хэлсэнд Исаак —Дүү чинь залилж ирээд чиний ерөөлийг авчихжээ гэж хэлэв. Есав —Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Тэр намайг хоёр ч удаа мэхэллээ. Ууган хүү байх эрхийг минь авчихаад одоо бас надад ногдох ерөөлийг минь ч тэр авчихлаа гэж хэлээд —Надад хүртээх ерөөл танд үлдээгүй гэж үү? гэсэнд

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна