Эхлэл 25:21-34
Эхлэл 25:21-34 АБ2013
Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов. ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ. Түүнийг төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. Эхнийх нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд Есав гэдэг нэр өгчээ. Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа. Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ. Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв. Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм. Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ. Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.