Эхлэл 24:12-27

Эхлэл 24:12-27 АБ2013

Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? Хотын хүмүүсийн охид ус авахаар гарч ирэх цаг болжээ. Би худгийн дэргэд зогсож байя. “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв. Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартай гарч ирэв. Тэрээр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажээ. Тэр бүсгүй худаг дээр очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод —Чи надад ваартай уснаасаа жаахан балгуулна уу? гэсэнд тэрээр —Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав. Тэр түүнд ус уулгаж дуусаад —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв. Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд нь ус утгажээ. Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аян замыг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд — Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд тэрээр —Би бол Нахорт Милкагийн төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд — Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий мөн хоноглох өрөө ч бий гэв. Тэгээд тэр хүн доор бөхийн, ЭЗЭНд мөргөж — Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.

Video for Эхлэл 24:12-27