Эхлэл 24:1-67

Эхлэл 24:1-67 АБ2013

Абрахам нас өндөр болсон бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв. Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцдаа —Миний өгзгөн доогуур гараа хий. Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон, нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв. Зарц нь —Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ. Абрахам түүнд —Чи миний хүүг тэнд буцааж аваачив аа! Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно. Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв. Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, дээрхийг түүнд тангараглав. Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс бас аваад, Месопотами тийш хөдөлж, Нахорын хот уруу явжээ. Тэрээр эмэгтэйчүүд ус авахаар гардаг үдшийн цагаар хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв. Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? Хотын хүмүүсийн охид ус авахаар гарч ирэх цаг болжээ. Би худгийн дэргэд зогсож байя. “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв. Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартай гарч ирэв. Тэрээр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажээ. Тэр бүсгүй худаг дээр очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод —Чи надад ваартай уснаасаа жаахан балгуулна уу? гэсэнд тэрээр —Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав. Тэр түүнд ус уулгаж дуусаад —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв. Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд нь ус утгажээ. Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аян замыг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд — Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд тэрээр —Би бол Нахорт Милкагийн төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд — Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий мөн хоноглох өрөө ч бий гэв. Тэгээд тэр хүн доор бөхийн, ЭЗЭНд мөргөж — Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв. Тэр бүсгүй ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ. Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив. Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг нь Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очиход тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ. Лабан —Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид танд өрөө, тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ. Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавихад тэр хүн —Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан —Ярь ярь! гэв. Тэрээр —Би бол Абрахамын зарц. ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчингүүд, тэмээ, илжиг өгсөн юм. Миний эзний эхнэр Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм. Миний эзэн надаар тангараглуулж “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонго. Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонго!” гэсэн билээ. Тэгэхэд нь би эзэндээ “Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?” гэж хэлэхэд тэрээр надад “Миний даган бишрэгч ЭЗЭН тэнгэрэлчээ чамтай хамт явуулж, аян замыг чинь амжилттай болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно. Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангаргийн гэрээнээс чөлөөтэй болно. Тэд чамд охиноо өгөхгүй байсан ч чи энэ тангаргийн гэрээнээс чөлөөтэй болно” гэв. Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү! Би худгийн дэргэд зогсож байна. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлье. Хэрэв тэрээр «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж зүрхэндээ залбирч арай дуусаагүй байтал, харагтун, Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа. Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв. Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг үнэн зөв замаар хөтөлсөөр, эзний минь дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд доор бөхийн мөргөөд, Түүнийг магтан дуулав. Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайр ба үнэнээр хандъя гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү эсвэл зүүн тийшээ эргэх үү гэдгийг минь мэдүүл гэж хэлэв. Лабан Бетуел хоёр —Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. Харагтун, Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн эхнэр болог гэв. Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, ЭЗЭНд газарт доош мэхийж, алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гарган Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ. Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоноглов. Өглөө босоод тэрээр —Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд Ребекагийн ах, ээж хоёр —Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг. Тэгээд дараа нь тэр явж болно гэв. Тэр хүн тэдэнд хэлэхдээ —Намайг бүү саатуул. ЭЗЭН замыг минь амжилттай болгосон учир намайг явуулаач! Би эзэндээ очъё гэв. Тэд —Бид охиноо дуудаж, түүний амнаас лавлая гээд Ребекаг дуудаж —Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр —Би явна гэж хариулжээ. Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг мөн Абрахамын зарц хийгээд түүний эрсийн хамт явуулав. Тэд Ребекаг ерөөн Охин дүү минь, Түм буман хүний эх болох болтугай! Өшөөтнийхөө үүд хаалгыг Үр удам чинь эзэгнэх болтугай! хэмээжээ. Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа. Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ. Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав. Ребека хараагаа өргөн Исаакийг хараад тэмээнээсээ бууж, зарцад —Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц —Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека гивлүүрээ авч нүүрээ халхлав. Зарц нь Исаакт өөрийнхөө хийсэн бүх зүйлийг ярьжээ. Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу ингэж тайлагдав.

Video for Эхлэл 24:1-67