Эхлэл 24

24
Исаак Ребекатай гэрлэв
1Абрахам нас өндөр болсон бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв. 2Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцдаа
—Миний өгзгөн доогуур гараа хий.#24:2 Амлалт хэзээ ч өөрчлөгдөшгүй гэсэн утгатай. 3Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон, 4нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв. 5Зарц нь
—Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ. 6Абрахам түүнд
—Чи миний хүүг тэнд буцааж аваачив аа! 7Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно. 8Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв. 9Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, дээрхийг түүнд тангараглав.
10Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс бас аваад, Месопотами тийш хөдөлж, Нахорын хот уруу явжээ. 11Тэрээр эмэгтэйчүүд ус авахаар гардаг үдшийн цагаар хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв. 12Тэр залбирч
—Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? 13Хотын хүмүүсийн охид ус авахаар гарч ирэх цаг болжээ. Би худгийн дэргэд зогсож байя. 14“Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв.
15Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартай гарч ирэв. Тэрээр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. 16Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажээ. Тэр бүсгүй худаг дээр очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. 17Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод
—Чи надад ваартай уснаасаа жаахан балгуулна уу? гэсэнд 18тэрээр
—Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав. 19Тэр түүнд ус уулгаж дуусаад
—Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв. 20Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд нь ус утгажээ. 21Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аян замыг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.
22Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд
23Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд 24тэрээр
—Би бол Нахорт Милкагийн төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд
25Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий мөн хоноглох өрөө ч бий гэв. 26Тэгээд тэр хүн доор бөхийн, ЭЗЭНд мөргөж
27Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.
28Тэр бүсгүй ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ. 29Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив. 30Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг нь Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очиход тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ. 31Лабан
—Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид танд өрөө, тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд 32нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ. 33Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавихад тэр хүн
—Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан
—Ярь ярь! гэв.
34Тэрээр
—Би бол Абрахамын зарц. 35ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчингүүд, тэмээ, илжиг өгсөн юм. 36Миний эзний эхнэр Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм. 37Миний эзэн надаар тангараглуулж “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонго. 38Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонго!” гэсэн билээ. 39Тэгэхэд нь би эзэндээ “Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?” гэж хэлэхэд 40тэрээр надад “Миний даган бишрэгч ЭЗЭН тэнгэрэлчээ чамтай хамт явуулж, аян замыг чинь амжилттай болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно. 41Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангаргийн гэрээнээс чөлөөтэй болно. Тэд чамд охиноо өгөхгүй байсан ч чи энэ тангаргийн гэрээнээс чөлөөтэй болно” гэв.
42Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү! 43Би худгийн дэргэд зогсож байна. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлье. 44Хэрэв тэрээр «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж 45зүрхэндээ залбирч арай дуусаагүй байтал, харагтун, Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд 46тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа. 47Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв. 48Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг үнэн зөв замаар хөтөлсөөр, эзний минь дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд доор бөхийн мөргөөд, Түүнийг магтан дуулав. 49Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайр ба үнэнээр хандъя гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү эсвэл зүүн тийшээ эргэх үү гэдгийг минь мэдүүл гэж хэлэв.
50Лабан Бетуел хоёр
—Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. 51Харагтун, Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн эхнэр болог гэв.
52Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, ЭЗЭНд газарт доош мэхийж, 53алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гарган Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ. 54Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоноглов. Өглөө босоод тэрээр
—Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд 55Ребекагийн ах, ээж хоёр
—Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг. Тэгээд дараа нь тэр явж болно гэв. 56Тэр хүн тэдэнд хэлэхдээ
—Намайг бүү саатуул. ЭЗЭН замыг минь амжилттай болгосон учир намайг явуулаач! Би эзэндээ очъё гэв. 57Тэд
—Бид охиноо дуудаж, түүний амнаас лавлая гээд 58Ребекаг дуудаж
—Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр
—Би явна гэж хариулжээ. 59Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг мөн Абрахамын зарц хийгээд түүний эрсийн хамт явуулав. 60Тэд Ребекаг ерөөн
Охин дүү минь,
Түм буман хүний эх болох болтугай!
Өшөөтнийхөө үүд хаалгыг
Үр удам чинь эзэгнэх болтугай!
хэмээжээ. 61Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.
62Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос#24:62 ЭЗО-д хээр газраас хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ. 63Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав. 64Ребека хараагаа өргөн Исаакийг хараад тэмээнээсээ бууж, 65зарцад
—Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц
—Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека гивлүүрээ авч нүүрээ халхлав. 66Зарц нь Исаакт өөрийнхөө хийсэн бүх зүйлийг ярьжээ. 67Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу ингэж тайлагдав.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна