Эхлэл 23:1-20
Эхлэл 23:1-20 АБ2013
Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ. Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэж, Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров. Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд — Та нарын дунд түр суугч цагаач надад талийгаачаа далд оршуулах нэг оршуулгын газар эзэмшлийг олгоно уу? Би энэ шарилаа тэнд оршуулъя гэжээ. Хитчүүд Абрахамд хариулан — Эзэн минь! Биднийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилыг оршуулаарай. Таныг энэ шарилаа аль ч оршуулгын газар тавихад хориглох хүн бидний дунд байхгүй гэцгээв. Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд мэхийн ёслоод тэдэнд —Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж, түүгээр талбайнх нь захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв. Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд ба хотын гулдан хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан — Үгүй эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье. Бас түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд тэр шарилаа оршуулаарай гэв. Абрахам тэр нутгийнханд мэхийн ёслов. Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд —Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв. Ефрон, Абрахамд — Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юухан билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв. Ефроны үгийг Абрахам дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ. Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг хотын гулдан хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ. Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамре буюу Хеброны өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав. Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.