Эхлэл 22

22
Исаакийн тухай тушаал
1Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд
—Абрахам аа! гэсэнд Абрахам
—Харагтун, би энд байна гэжээ.#Евр 11:17–19 2Бурхан
—Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.#2Шс 3:1 3Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ. 4Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав. 5Тэгээд Абрахам зарц залуустаа
—Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв. 6Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёул хамт явжээ. 7Исаак эцэг Абрахамдаа хандан
—Аав минь ээ! гэхэд тэрээр
—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак
—Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд 8Абрахам
—Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ.
9Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив.#Иак 2:21 10Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав. 11Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч
—Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд
—Харагтун, би энд байна гэв. 12Тэнгэрэлч
—Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв. 13Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав. 14Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана”#22:14 эсвэл харна гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно”#22:14 эсвэл тэтгэгдэнэ гэж хэлдэг болжээ.
15Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж
16ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.#Евр 6:13–14 17Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.#Евр 11:12 18Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.#Үйл 3:25 19Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.
Нахорын хүүхдүүд
20Үүний дараа нэгэн хүн Абрахамд
—Харагтун, чиний дүү Нахорт Милка хөвгүүд төрүүлж өгчээ гэж мэдүүлэв. 21Түүний ууган хүү нь Уз, удаах дүү нар нь Буз мөн Арамын эцэг Кемуел 22бас Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар билээ. 23Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Абрахамын дүү Нахорт Милка энэ наймыг төрүүлжээ. 24Нахорын татвар эм болох Реумагийн түүнд төрүүлж өгсөн хөвгүүд нь Теба, Гахам, Тахаш, Маака нар билээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна