Эхлэл 21:9-19

Эхлэл 21:9-19 АБ2013

Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, Абрахамд —Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. Бурхан, Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр удам учир Би түүнээс нэгэн үндэстэн бий болгоно гэв. Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хөвгүүнтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Беершебагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод “Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав. Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв. Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна