Эхлэл 21:1-34

Эхлэл 21:1-34 АБ2013

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. Абрахам, хүү Исаакаа найм хоногтойд нь, Бурханы тушааснаар хозолжээ. Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. Сара —Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв. Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ. Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, Абрахамд —Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. Бурхан, Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр удам учир Би түүнээс нэгэн үндэстэн бий болгоно гэв. Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хөвгүүнтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Беершебагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод “Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав. Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв. Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа. Бурхан тэр хөвгүүнтэй хамт байсан бөгөөд тэрээр өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов. Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ. Тэр үед Абимелех болон түүний цэргийн жанжин Фикол нар Абрахамд —Чамайг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна. Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ энд надад одоо Бурханаар тангарагла. Миний чамд сайнаар үйлдсэн шиг чи бас надад болон өөрийнхөө түр суугаа энэ газар нутагтаа үйлдэгтүн гэсэнд — Би тангараглая гэж Абрахам хэлэв. Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам, Абимелехийг зэмлэсэнд Абимелех —Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв. Абрахам бог мал, үхэр авч Абимелехт өгөөд, тэр хоёр гэрээ байгуулжээ. Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад Абимелех, Абрахамд —Сүргээсээ таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэсэнд Абрахам —Намайг энэ худгийг ухсаны минь гэрч болох энэ долоон охин хургыг та гараас минь авах учиртай гэв. Тэр хоёр тэнд бие биендээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ. Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутагтаа буцжээ. Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав. Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног нутаглан суужээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна