Эхлэл 20:1-18

Эхлэл 20:1-18 АБ2013

Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав. Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ. Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв. Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул —Эзэн минь ээ! Та зөвт үндэстнийг устгах гэж үү? Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг гэмгүй зүрх, зэмгүй цэвэр гараар үйлдсэн билээ гэв. Бурхан түүнд зүүдэнд нь —Тийм ээ, чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг Би мэднэ. Мөн чамайг Миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь Би бөгөөд чамайг Би түүнд хүргүүлээгүй юм. Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв. Абимелех өглөө эрт босоод хамаг зарц нараа дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв. Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв. Абимелех, Абрахамд —Чи ямар учраас ингэсэн бэ? гэхэд Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ. Тэгээд ч Сара үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин харин миний ээжээс төрөөгүй. Тиймд тэр миний эхнэр болсон. Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв. Абимелех бог мал, үхэр сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ. Абимелех —Харагтун, газар нутаг минь чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв. Тэр бас Сарад —Харагтун, би ахад чинь мянган шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ чиний хөрх болой. Чи бүхний өмнө цагаадлаа гэв. Абрахам, Бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр, шивэгчингүүдийг Бурхан эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ. Учир нь Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний умай бүрийг ЭЗЭН хаасан байжээ.

Video for Эхлэл 20:1-18

Эхлэл 20:1-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв