Эхлэл 2:8-25
Эхлэл 2:8-25 АБ2013
ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж. ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв. ЭЗЭН Бурхан —Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам Энэ чинь л яснаас минь авсан яс Махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.