Эхлэл 18:16-33

Эхлэл 18:16-33 АБ2013

Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ. ЭЗЭН —Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү? Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх биш үү? Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв. Тэгээд ЭЗЭН —Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их, гэм нүгэл нь маш их учир Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ байгаа эсэхийг үзэж мэдье гэв. Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ. Абрахам ойртон ирж —Та зөвтийг бурууттай хамт устгах уу? Тэр хотод зөвт тавин хүн байж болох биш үү? Та ийм газрыг устгах уу? Тэрхүү тавин зөвт хүний төлөө тэр газрыг өршөөх үү? Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв. ЭЗЭН —Хэрэв би Содом хотынхны дотроос зөвт хүн тавийг олбол тэдний төлөө энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэсэнд Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ. Тэнд тавин зөвт хүнээс таван хүн дутаж болох биш үү? Тав дутсаны төлөө хотыг бүхэлд нь устгах уу? гэсэнд ЭЗЭН —Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэжээ. Абрахам дахин —Тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэхэд Тэрээр —Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв. Абрахам —Эзэн минь, Та битгий хилэгнээрэй. Би нэг үг хэлье. Тэндээс гучин хүн олдож болох биш үү? гэсэнд Тэрээр —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэжээ. Абрахам —Харагтун, би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол яах вэ? гэсэнд Тэрээр —Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ. Абрахам дахин —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс арван хүн олдож болох биш үү? гэсэнд Тэр —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ. ЭЗЭН, Абрахамтай ярьж дуусаад одсон бөгөөд Абрахам ч өөрийн газарт буцжээ.

Video for Эхлэл 18:16-33

Эхлэл 18:16-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв