Эхлэл 17:1-27

Эхлэл 17:1-27 АБ2013

Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун. Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж, Чамайг улам өнөр болгоно. гэв. Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан —Миний хувьд, харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв. Тэгээд Бурхан, Абрахамд хэлэхдээ —Чи болоод чамаас хойших үр удам чинь үеийн үед Миний гэрээг сахигтун! Эр хүйстэн болгон хозлуулах ёстой. Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой Миний гэрээ энэ юм. Та нар тээрхийн арьсаа тануулагтун! Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой. Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно. Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв. Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, үржүүлэн онцгой ихээр олшруулна. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов. Абрахам, Ишмаел хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ, гэрийнхнийхээ бүх эр хүйстэнг аваад, яг тэр өдөртөө Бурханы хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь тануулжээ. Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай, түүний хүү Ишмаел тээрхийн арьсаа тануулахдаа арван гурван настай байжээ. Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел ийнхүү хозлуулжээ. Түүний гэрийнхэн, түүний гэрт төрөгсөд хийгээд гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн нь түүнтэй хамт хозлуулжээ.

Эхлэл 17:1-27-д зориулсан видео