Эхлэл 16:1-16
Эхлэл 16:1-16 АБ2013
Абрамын эхнэр Сараи түүнд нэг ч хүүхэд төрүүлээгүй байв. Тэрээр Хагар нэртэй нэгэн египет зарц бүсгүйтэй байв. Сараи, Абрамд —ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Абрам, Сараиг сонсон дагажээ. Ийнхүү Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи египет зарц Хагараа авчирч, нөхөр Абрамдаа татвар эм болгон өгчээ. Тэгээд Абрам, Хагар дээр орсонд тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов. Сараи, Абрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны өвөрт хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. Абрам Сараид —Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ. ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж — Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би эзэгтэй Сараигаасаа оргон зугтаж явна гэжээ. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Би үр удмыг чинь ихэд олшруулж, тоолж баршгүй болгоно гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Харагтун, чи жирэмсэн байна. Чи хүү төрүүлэх болно. Түүнийг Ишмаел гэж дуудна. Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт байх болно. Түүний гар хүн бүхний эсрэг Хүн бүхний гар түүний эсрэг байх бөгөөд Хамаг ах дүүсийнхээ эсрэг талд тэр амьдрах болно гэв. Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” гээд өөртэй нь ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Тиймээс тэр булгийг Беер-лахаи-рои гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ. Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв. Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.