Эхлэл 15:1-21

Эхлэл 15:1-21 АБ2013

Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав. Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов. Тэрээр Абрамд —Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд Абрам —БУРХАН Эзэн минь! Энэ газрыг өвлөн авахаа би хэрхэн мэдэх вэ? гэж хэлэв. ЭЗЭН түүнд —Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, хязаалан эр хонь, хүүрзгэнэ, өсвөр тагтаа зэргийг ав гэв. Абрам тэр бүхнийг авч хоёр таллан хуваагаад, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувуудыг хуваасангүй. Махчин шувууд цогцсууд дээр бууж ирэхэд Абрам үргээж хөөв. Нар шингэх үеэр Абрам гүн нойронд автсан бөгөөд харагтун, түнэр харанхуй хийгээд айдас хүйдэс түүнийг нөмрөв. ЭЗЭН, Абрамд —Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй. Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ. Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно. Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ. Нар шингэж харанхуй болох үед, харагтун, утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ. Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ. Тэнд кен, кениз, кадмон, хит, периз, рефаим, амори, канаан, гиргаш болон иебусчууд байдаг юм гэв.

Эхлэл 15:1-21-д зориулсан видео