Эхлэл 13:1-18

Эхлэл 13:1-18 АБ2013

Абрам эхнэрээ мөн хамаг юмаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ. Абрам мал сүрэг, алт мөнгө ихтэй, маш баян байж. Тэрээр Негевээс Бетел, тэндээсээ Бетел Аи хоёрын хооронд урьд нь анх майхнаа босгож байсан тэр газартаа хүрэв. Түүний анх тахилын ширээ босгосон газар нь тэр байлаа. Тэнд Абрам, ЭЗЭНий нэрийг дуудав. Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхан савтай учир тэд нэг газар хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир хамт амьдрах аргагүй болж. Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа. Абрам, Лотод —Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв. Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв. Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, Лот зүүн тийш нүүжээ. Ийнхүү тэд бие биенээсээ салцгаав. Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ. Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул ЭЗЭНий өмнөх нүгэл нь их байв. Лотыг салж явсны дараа ЭЗЭН, Абрамд —Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харагтун. Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө. Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог. Бос, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө гэв. Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.

Video for Эхлэл 13:1-18