Эхлэл 12:1-20
Эхлэл 12:1-20 АБ2013
Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв. Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа. Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ. ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ. Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ. Тэр газарт нь ган гачиг болов. Абрам Египетэд цагаачлахаар уруудан явлаа. Учир нь тэр нутаг нь маш их ган гачигтай байв. Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа —Үзэгдэх төрх чинь үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг би сайн мэдэж байна. Чамайг харсан египетчүүд “Эхнэр нь юм байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлээч. Тэгвэл чи надад өлзий болж чиний ачаар би амь мэнд үлдэнэ гэв. Абрамыг Египетэд хүрч ирэхэд египетчүүд эмэгтэйг нь маш үзэсгэлэнтэй болохыг харжээ. Фараоны түшмэд ч түүнийг хараад Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ. Фараон тэр бүсгүйн төлөө Абрамд бог мал, үхэр, эр эм илжиг, боол, шивэгчин, тэмээ өгч, түүнийг сайхан байлгав. Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхнийг ЭЗЭН хүндээр цохив. Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? Чи түүнийг миний дүү охин гэж юунд хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо түүнийгээ аваад яв гэв. Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг эхнэртэй нь, хамаг эд юмстай нь явуулав.