Галат 4:8-31
Галат 4:8-31 АБ2013
Тэгвэл та нар урьд нь Бурханыг мэдэхгүй байхдаа мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан. Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг таньсан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй язгуур юмсад дахин буцаж очихыг, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ? Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг. Би та нарын төлөө дэмий хоосон зүдэж зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айж байна. Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй. Махбодынхоо мөхөсдөлөөр анх би та нарт сайнмэдээг тунхагласныг та нар мэднэ. Махбод минь та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэрэлч адил, Христ Есүс адил хүлээж авсан. Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье. Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би дайсан чинь болсон хэрэг үү? Та нарын төлөөх тэдний хичээнгүйлэл нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс холдуулахыг хүсдэг аж. Магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байхад ч бус, харин үргэлж хичээнгүйгээр байх нь сайн юм. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. Би яг одоо та нарын дэргэд байн, хоолойн өнгөө өөрчлөхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзэв. Хуулийн доор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү? Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. Харин шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ. Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд Нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна. Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.