Галат 4:21-31
Галат 4:21-31 АБ2013
Хуулийн доор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү? Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. Харин шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ. Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд Нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна. Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.