Езра 5
5
ЭЗЭНий өргөөний ажил дахин эхлэв
1Эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалимд байсан иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд 2Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэдэнтэй хамт байж, тэднийг дэмжив.#Хаг 1:12; Зех 4:6–9 3Тэр үед Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж
—Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээж дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ? гэцгээв. 4Тэгээд тэд
—Барилгыг гүйцэтгэж байгаа эрсийн нэрийг хэл гэж тэдэнд хэлэв. 5Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай хариу захидал буцаж иртэл тэднийг болиулсангүй.
6Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээх түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбарт 7дараах зүйлийг тэд түүнд бичиж, мэдээлэл илгээжээ. “Хаан Дариус танаа, бүгд амар тайван байг! 8Хаанд мэдүүлсүгэй! Бид Иуда аймагт, аугаа Бурханы өргөөнд очив. Үүнийг дөрвөлжин чулуугаар барьж, ханыг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш зүтгэлтэйгээр явуулж байгаа ба тэдний гараар энэ нь амжилттай урагшилж байна! 9Тэгээд бид тэр ахмадуудаас асууж, тэдэнд «Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээн дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ?» гэж хэлсэн билээ. 10Бид мөн танд мэдэгдэж, тэднийг тэргүүлж буй хүмүүсийн нэрсийг бичиж авахын тулд тэднээс нэрсийг нь асуув. 11Тэд бидэнд хариулахдаа «Бид тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд олон жилийн өмнө баригдсан байсан өргөөг бид дахин барьж байна. Израилийн нэгэн агуу хаан үүнийг барьж гүйцээсэн байсан юм. 12Гэвч эцэг өвгөд маань тэнгэрийн Бурханыг хилэгнүүлсэнд, тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт Тэрээр өгсөн ба тэр хаан энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу авч одсон юм.#2Ха 25:8–12; 2Шс 36:17–20; Иер 52:12–15 13Харин Вавилоны хаан Корешийн анхдугаар онд Бурханы энэ өргөөг дахин барих зарлигийг Кореш хаан гаргасан билээ.#Езр 1:2–11 14Мөн Иерусалим дахь сүмээс Небухаднезарын авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар гэгч нэгэнд өгсөн билээ. 15Тэр түүнд хэлэхдээ “Эдгээр сав суулгуудыг авч, яваад Иерусалим дахь сүмд байрлуул. Бурханы өргөөг хуучин байранд нь дахин бариул!” гэсэн. 16Тэгээд Шешбазар ирж, мөнөөх Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна» гэсэн билээ. 17Одоо, хэрэв үүнийг хаан таалбал, Вавилон дахь хааны эрдэнэсийн санд нягтлал хийж, Иерусалим дахь Бурханы энэ өргөөг дахин бариулахаар Кореш хаанаас гаргасан зарлиг байгаа эсэхийг хайж үзээд, энэ асуудлын талаар хаан өөрийн шийдвэрээ бидэнд илгээх болтугай” гэжээ.
Одоогоор Сонгогдсон:
Езра 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.