Езекиел 44:15-29

Езекиел 44:15-29 АБ2013

Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой. Тэд дотоод хүрээний дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний дааман хаалганууд ба өргөөн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй. Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой. Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч туг үснүүдээ урт ургуулж болохгүй. Толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. Тахилч нарын хэн нь ч дотоод хүрээнд орох үед дарс ууж болохгүй. Тэд бэлэвсэн эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг эсвэл тахилчийн бэлэвсэн эхнэрийг авах ёстой. Түүнээс гадна тэд ард түмэнд минь ариун ба эгэл жирийний хоорондох ялгааг зааж, бузар ба цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой. Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой. Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно. Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Өвтэй хамаатай нь энэ билээ. Би өв нь юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би эзэмшил нь юм. Тэд идээн өргөл, нүглийн тахил, ялын тахилыг идэх бөгөөд Израиль дахь аливаа хориг болсон зүйл тэднийх болой.