Езекиел 37:1-14

Езекиел 37:1-14 АБ2013

ЭЗЭНий мутар миний дээр ирж, намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн дунд буулгав. Тэнд дүүрэн яс байлаа. Тэр намайг тэдний дээгүүр эргэн тойрон явууллаа. Харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан агаад тэдгээр нь бүр хувхайрсан байв. Тэр надад —Хүний хүү! Энэ яснууд амилах уу? хэмээсэнд би —Эзэн БУРХАН, Та мэднэ гэв. Тэгээд Тэр надад —Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл. Эзэн БУРХАН эдгээр ясанд ингэж айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна. Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв. Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд яс ястайгаа нийлэв. Намайг харахад, үзэгтүн, тэдэн дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэднийг арьс бүрхсэн ч дотор нь амьсгал алга байв. Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв. Тийнхүү надад тушаасан ёсоор нь би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмжийн их цэрэг хөл дээрээ босоцгоов. Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг. Тиймээс чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Ард түмэн минь ээ! Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн нутагт авчрах болно. Ард түмэн минь ээ, тийнхүү Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргах үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Би та нарын дотор Сүнсээ тавьж, та нар амилаад, Би та нарыг нутагт чинь суулгах болно. ЭЗЭН Би ийнхүү хэлснээ хийснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”