Гэтлэл 7:1-25

Гэтлэл 7:1-25 АБ2013

ЭЗЭН, Мосед —Үз, Би чамайг Фараонд Бурхан мэт болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно. Чамд Миний тушаах бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” гэж Фараонд хэлэх болно. Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, тэмдэг ба гайхамшгуудаа Египетэд олон болгоно. Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана. Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ. Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байлаа. ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин — Фараон та нарыг “Гайхамшиг үзүүл” гэвэл чи Ааронд “Таягаа авч могой болгохоор, Фараоны өмнө хая” гэж хэл хэмээн айлдав. Мосе Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ. Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв. Тэд бүгдээрээ таягаа хаяж, тэдгээр нь могой болов. Харин Аароны таяг тэдний таягнуудыг залгив. Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. ЭЗЭН, Мосед —Фараоны зүрх хатуурчээ. Тэр, ард түмнийг явуулахаас татгалзаж байна. Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь. Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж, «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Гэтэл, харагтун, чи одоо болтол сонссонгүй. Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна. Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухаас гутах болно»” гэж хэл гэв. ЭЗЭН, Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, салаа, цөөрөм, бүх усан сан дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар мод, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав. Мосе Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон болон албат нарынх нь нүдний өмнө Нилийн усыг цохисонд Нилийн бүх ус нь цус болон хувирав. Нилийн загас үхэж Нил өмхийрсөнд египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй боллоо. Египетийн бүх газарт цус байв. Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. Фараон эргэж, ордондоо оров. Тэр үүнд ч мөн зүрхээ хандуулсангүй. Египетчүүд бүгд Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав. ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна